YouVersion Logo
Search Icon

ДЭД ХУУЛЬ 28

28
1Хэрэв чи өөрийн Бурхан ЭЗЭНд дуулгавартай байж, миний өнөөдөр чамд тушааж буй Түүний бүх тушаалыг хичээнгүйлэн дагаж мөрдвөөс ЭЗЭН Бурхан чинь чамайг газар дэлхий дээрх бүх улс үндэстнээс илүү өндөрт тавина. 2Хэрэв чи өөрийн Бурхан ЭЗЭНд дуулгавартай байвал эдгээр бүх ерөөл чам дээр бууж, чамд хүрнэ. 3Чи хотод ч ерөөгдөнө, хөдөөд ч ерөөгдөнө. 4Биеэс чинь төрөх үр хүүхэд, газрын чинь ургац, мал амьтдын чинь төл, үхэр, хонины чинь төл ерөөгдөнө. 5Чиний сагс, талх исгэдэг сав ерөөгдөнө. 6Чи орохдоо ч ерөөгдөнө, гарахдаа ч ерөөгдөнө.
7Чиний эсрэг босох дайснуудыг ЭЗЭН чиний өмнө ялагдахад хүргэнэ. Тэд чам уруу нэг замаар довтолж, чамаас долоон замаар зугтана. 8ЭЗЭН чиний тариа будааны агуулах, чиний гар оролцох бүх зүйлд ерөөл айлдана. ЭЗЭН Бурханаас чинь чамд өгч буй тэр газарт Тэр чамайг ерөөнө. 9Хэрвээ чи ЭЗЭН Бурханыхаа тушаалыг сахиж, Түүний замаар явбаас ЭЗЭН чамд тангарагласан ёсоороо чамайг Өөрийн ариун ард түмэн болгон байгуулна. 10Тэгвэл чамайг ЭЗЭНий нэрээр дуудагдахыг газар дэлхий дээрх бүх ард түмэн хараад, чамаас айх болно. 11ЭЗЭНий чамд өгөхөөр чиний өвөг дээдэст тангарагласан газар дээрээ чиний эд хөрөнгийг, биеэс чинь төрөх үр хүүхэд, малын чинь төл, газрын чинь ургацыг арвин болгоно. 12Газар дээр чинь цаг улиралд нь хур бороо оруулж, гарын чинь аливаа ажил үйлсийг ивээхийн тулд ЭЗЭН чиний төлөө огторгуйн сайхан сан хөмрөгөө нээнэ. Олон үндэстэн чамаас зээлнэ. Харин чи зээлэхгүй. 13Хэрэв миний өнөөдөр чамд тушааж буй ЭЗЭН Бурханыхаа тушаалыг чи сахин үйлдэхийн тулд тэдгээрийг сонсвол ЭЗЭН чамайг сүүл болгохгүй, толгой болгоно. Чи доор орохгүй ямагт дээр нь байна. 14Өнөөдөр миний та нарт тушааж буй аливаа үгнээс баруун тийш, зүүн тийш хазайн, өөр бурхдад үйлчлэхээр дагаж болохгүй.
15Чи хэрвээ ЭЗЭН Бурханыхаа үгийг сонсохгүй, миний өнөөдөр чамд тушааж буй бүх тушаал, зарлигийг дагаж мөрдөхгүй байвал энэ бүх хараал чам дээр бууж, чамд хүрнэ. 16Чи хотод ч хараагдана, хөдөөд ч хараагдана. 17Чиний сагс, талх исгэдэг сав хараагдана. 18Биеэс чинь төрөх үр хүүхэд, газрын чинь ургац, үхэр, хонины чинь төл хараагдана. 19Чи орохдоо ч хараагдана, гарахдаа ч хараагдана.
20Чи бузар мууг үйлдэж, Намайг мартсанаас чинь болж ЭЗЭН чамайг устгах хүртэл, үтэр сөнөөх хүртэл чиний дээр гараараа хийдэг бүх зүйлд чинь хараал, үймээн сандрал, хатуу зэмлэл илгээх болно. 21ЭЗЭН чиний эзэмшихээр очиж буй газраас чинь чамайг усттал тахлаар нэрвэнэ. 22ЭЗЭН чамайг хатгаа, халуурал, халуун ханиад, халуун чичиргээ, ган гачиг, салхины гамшиг, хөгц мөөгөнцрөөр бут ниргэнэ. Энэ бүх гай гамшиг чамайг сөнөтөл чинь дагана. 23Чиний толгой дээрх тэнгэр нь хүрэл болж, чиний доорх газар нь төмөр болно. 24ЭЗЭН чиний газар нутаг дээр орох борооны оронд тоос шороо буулгаж, тэр нь чамайг усттал тэнгэрээс орох болно. 25ЭЗЭН чамайг дайснуудын чинь өмнө ялагдахад хүргэнэ. Чи тэдний өөдөөс нэг замаар довтолж, тэднээс долоон замаар зугтана. Чи дэлхийн хамаг улс оронд ад үзэгдэнэ. 26Чиний хүүр огторгуйн бүх шувууд, газрын араатан амьтдын хоол болох бөгөөд тэднийг хэн ч үргээн айлгахгүй.
27ЭЗЭН чамайг Египетийн хатиг, шамбарам, яр шарх, хамуу өвчнөөр цохих бөгөөд чи эдгэрч чадахгүй. 28ЭЗЭН чамайг галзуу, сохор, солио өвчнөөр цохино. 29Сохор хүн харанхуйд тэмтчихийн адил чи гэгээн цагаан өдөр ч тэмтчин, зам мөр чинь бүтэмжгүй, чи дандаа дарлагдан дээрэмдүүлж, хэн ч чамайг аврахгүй. 30Чи бүсгүй хүнд сүй тавих боловч өөр хүн түүнийг чинь хүчирхийлнэ. Чи байшин барих боловч түүндээ суухгүй, чи усан үзмийн цэцэрлэг тариалах боловч үр жимсийг нь хүртэхгүй. 31Чиний үхрийг нүдний чинь өмнө нядлах боловч чи түүнээс идэж чадахгүй. Чиний илжгийг улаан нүүрэн дээр чинь булаах боловч чи түүнийг буцааж авч чадахгүй. Чи хонио дайснуудад алдах боловч чамд туслах хэн ч байхгүй. 32Чи хөвгүүд, охидоо өөр ард түмнүүдэд алдаж, өдөржин тэдний хойноос харуулдсаар нүд чинь сүүмийж, гар чинь ямар ч хүч чадалгүй болно. 33Газрын чинь ургац, ажил хөдөлмөрийн чинь үр жимсийг чиний таньж мэдэхгүй үндэстэн идэж, чи үргэлж дарлагдан нухлагдана. 34Тиймээс чи үзэж харсан бүхнээсээ болоод галзуурна. 35ЭЗЭН өвдөг, хөлийг чинь эдгэшгүй хатиг яранд бариулж, та нар хөлийнхөө улнаас толгойнхоо оройг хүртэл шавсан тэр хатиг ярнаасаа ангижирч чадахгүй. 36ЭЗЭН чамайг болон чиний дээрээ залах хааныг чиний болон өвөг дээдсийн чинь таньж мэдэхгүй улс үндэстэн уруу аваачна. Чи тэнд мод, чулуугаар хийсэн өөр бурхдад зарагдана. 37ЭЗЭН чамайг хөөн аваачих бүх үндэстний дунд чи адлагдан, зүйр үг, хэл амны бай болно.
38Чи талбайдаа арвин үр суулгах боловч царцаанд идүүлсний улмаас бага ургац авна. 39Чи усан үзэм тарьж ургуулах боловч өтөнд идүүлсний улмаас усан үзэм ч авч чадахгүй, дарс ч ууж чадахгүй. 40Чиний бүх газар нутаг дээр чидун жимсний мод байх боловч жимс нь унаснаас болоод, тосоор нь биеэ тосолж чадахгүй. 41Чи хөвгүүд охид төрүүлэх боловч тэд олзлогдох тул чамтай хамт байж чадахгүй. 42Чиний бүх мод, газрын чинь ургацыг голионууд эзэмшинэ. 43Та нарын дунд байгаа харийн хүн чамаас дээшилж, улам улам дэвшин, чи улам улам буурна. 44Тэрээр чамд зээл өгнө. Харин чи түүнд зээл өгч чадахгүй. Тэр толгой болж, чи сүүл болно. 45Чи ЭЗЭН Бурханыхаа үгийг дагаж, Түүний чамд тушаасан зарлиг тушаалыг сахиагүй учир энэ бүх хараал чам дээр бууж, чамайг нэхэн дагасаар эцэст нь чамайг устгана. 46Тэр бүх хараал чамд болон чиний үр хүүхдүүдэд тэмдэг, гайхшрал болж үүрд байна. 47Чи алив бүхнээр элбэг дэлбэг байсан ч гэсэн ЭЗЭН Бурхандаа баяр хөөртэй зүрх сэтгэлээр зарагдаагүй учраас 48ЭЗЭНээс чиний эсрэг илгээх дайснуудад чи өлсөж цанган, нүцгэрч, алив бүхнээр дутагдан байж зарагдана. Тэр чамайг устгах хүртэл хүзүүнд чинь төмөр буулга углана.
49ЭЗЭН алсаас, газар дэлхийн хязгаараас хэл нь чамд үл ойлгогдох нэг үндэстнийг бүргэдийн шүүрэлт мэт чам уруу авчирна. 50Тэр үндэстэн бол ширүүн догшин царайтай бөгөөд настныг үл хүндэлж, хүүхдийг эс өрөвддөг. 51Тэд чамайг устгах хүртэл малын чинь төл, газрын ургацыг чинь иднэ. Тэд бас чамайг мөхтөл тариа будаа, дарс, тос, үхэр, хонины төлийг чамд үлдээхгүй. 52Тэд чиний найдвар болсон өндөр, бат бэх хана хэрмүүдийг нуран унах хүртэл чамайг газар нутаг дээрх бүх хотуудад чинь бүсэлнэ. Тэд ЭЗЭН Бурханаас чинь чамд өгсөн газрын бүх хотуудад чамайг бүслэх болно. 53Чи дайснууддаа бүслэгдэж шахагдан зовох үедээ, ЭЗЭН Бурханаас чамд хайрлаж, бие махбодоос чинь тасран гарсан үр хүүхдийнхээ, хөвгүүд охидынхоо махыг иднэ. 54Та нарын дунд маш эмзэг зөөлөн сэтгэлтэй эр байсан ч гэсэн тэрээр ах дүү, хайртай эхнэр, амьд үлдсэн хүүхдүүддээ ч өсөрхөн, 55өөрийн идэх хүүхдийнхээ махнаас тэдний хэнд нь ч өгөхгүй. Чиний дайснууд бүх хотуудыг чинь бүслэн, зовоон, түүнд юу ч үлдээгээгүй учраас тэр юм. 56Мөн та нарын дунд эмзэг зөөлөн сэтгэлтэй бүсгүй, газар шороон дээр хөлөө ч тавьж үзээгүй тийм эмзэг зөөлөн сэтгэлтэй бүсгүй байлаа ч гэсэн хайртай нөхөр, хүү охиндоо өсөрхөн, 57хөлийн хоорондоос нь унжих эхэсээ төрсөн үртэйгээ хамт нууцаар иднэ. Чиний дайснууд бүх хотуудыг чинь бүслэн, зовоон, тэрээр юу ч олоогүй учраас тэр юм.
58Хэрэв чи энэ номд бичигдсэн хуулийн бүх үгийг чиний Бурхан ЭЗЭН хэмээх энэ эрхэм, сүрдмээр нэрээс айн эмээхийн тулд хичээнгүйлэн дагахгүй бол 59ЭЗЭН чиний гай гамшиг, чиний үр удмын гай гамшгийг аймшигтай болгож, тэр нь улам бүр хүндрэн удаан үргэлжлэх гай гамшиг, муухай ужиг өвчин болно. 60ЭЗЭН чиний айж байсан Египетийн бүх өвчнийг чам дээр буцаан авчирч, тэдгээр нь чамайг нэрвэнэ. 61ЭЗЭН бас энэхүү хуулийн номд бичигдээгүй бүх өвчин, бүх тахлыг чамайг усттал чинь чам дээр авчирна. 62Та нар тэнгэрийн одод шиг тоо томшгүй олон байсан ч ЭЗЭН Бурханыхаа үгийг дагаагүй учраас хэдүүлхнээ болж үлдэнэ. 63ЭЗЭН та нарыг сайн сайхан, өнөр өтгөн болгохдоо баярласан шигээ та нарыг устган сөнөөхдөө баярлах болно. Та нар эзэмшихээр очиж буй тэр газраасаа хагацна. 64ЭЗЭН чамайг газар дэлхийн нэг өнцгөөс нөгөө өнцөг хүртэл бүх ард түмнүүдийн дунд тараах болно. Тэнд чи өөрөө ч мэдэхгүй, өвөг дээдэс чинь ч мэдэхгүй мод, чулуун бурхдад зарагдах болно. 65Чи тэдгээр үндэстний дотор амар амгаланг олж чадахгүй, хөлөө амраах газар ч олж чадахгүй. Харин тэнд ЭЗЭН зүрхийг чинь чичрүүлж, зовхийг чинь буулган, сэтгэлийг чинь самууруулна. 66Амь амьдрал чинь дээсэн дөрөөн дээр тогтож, өдөр шөнөгүй айж эмээн, амьдралдаа ямар ч итгэлгүй байх болно. 67Зүрхний айдас, үзсэн харсан зүйлээсээ болоод чи өглөө нь “Орой болоосой”, орой нь “Ээ, өглөө болоосой” гэх болно. 68Миний чамд “Чи үүнийг дахин хэзээ ч үзэхгүй” гэж өмнө нь хэлсэн тэр замаар ЭЗЭН чамайг хөлөг онгоцоор Египетэд буцааж аваачна. Тэнд та нар өөрсдийгөө дайснууддаа боол шивэгчид болгон худалдах гэсэн ч хэн ч та нарыг авахгүй гэв.

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy