YouVersion Logo
Search Icon

ДЭД ХУУЛЬ 25

25
1Хэрвээ хүмүүс хоорондоо маргалдан, шүүхэд ирвэл шүүгч тэднийг шүүж, зөв шударга хүнийг нь зөвтгөж, хорон муу хүнийг шийтгэнэ. 2Хорон муу хүнд жанчих шийтгэл оногдуулах нь зөв байвал шүүгч түүнийг өөрийнхөө өмнө хэвтүүлээд хийсэн гэмийнх нь хирээр ташуурдуулна. 3Түүнийг дөч хүртэл ташуурдаж болно, харин түүнээс хэтрүүлж болохгүй. Хэрэв чи түүнээс илүү ташуурдвал ах дүү чинь хэтэрхий дорд үзэгдэхэд хүрэх вий.
4Тариа цайруулж байгаа үхрийн аманд хошуувч бүү хий.
5Ах дүүс цугтаа амьдарч байгаад тэдний нэг нь хөвгүүнгүй нас барвал, түүний эхнэр нь гэр бүлийнхээ хүрээнээс гарч, гаднын хүнтэй гэрлэж болохгүй. Түүний нөхрийн ах дүү нь түүн дээр орж, өөрийн эхнэр болгон авч, нөхрийн ах дүүгийн үүргийг түүнд гүйцэтгэх ёстой. 6Мөнөөх нас барсан хүний нэрийг Израилиас алга болгохгүйн тулд тэр эмэгтэйн төрүүлэх ууган хүү нь түүний голомтыг залгамжлах ёстой. 7Харин хэрэв хүн ах дүүгийнхээ эхнэрийг авах хүсэлгүй байвал ах дүүгийнх нь эхнэр хотын хаалган дээрх ахмадуудад очиж, “Миний нөхрийн ах дүү Израилийн дунд ах дүүгийнхээ нэрийг авч явахаас татгалзаж байна. Тэр надад нөхрийн ах дүүгийн үүргийг гүйцэтгэхгүй байна” гэж хэлнэ. 8Тэгэхлээр нь хотын ахмадууд түүнийг дуудан авчирч, ярилцахад тэрээр “Би түүнийг авах дургүй” гэж шийдвэртэйгээр хэлбэл 9түүний ах дүүгийнх нь эхнэр ахмадуудын нүдэн дээр түүн уруу хүрч очоод, шаахайг нь хөлөөс нь мултлан авч, нүүр уруу нь нулиман “Ахынхаа гэрийг босгодоггүй хүнийг ингэвэл таарна” гэж хэлнэ. 10Тэгээд Израилийн дунд түүнийг “Шаахайгаа мултлуулсан хүний гэр бүл” гэж хочлох болно.
11Хэрвээ хоёр хүн бие биетэйгээ зодолдож байхад нэгийнх нь эхнэр цохиж байгаа хүний гараас нөхрөө аврахаар ойртон очоод, гар сунган нөгөөгийнх нь бэлэг эрхтнээс барьж авбал 12чи тэр эмэгтэйн гарыг таст. Түүнийг бүү өрөвд.
13Чи халаасандаа том, жижиг өөр жинтэй туухай бүү хий. 14Чи гэртээ том, жижиг зөрүүтэй хэмжүүр байлгаж болохгүй. 15Чи бүрэн бүтэн зөв туухайтай, бүрэн бүтэн зөв хэмжүүртэй байх ёстой. Тэгвэл ЭЗЭН Бурханаас чинь чамд өгч буй газарт чи урт наслана. 16Тийм зүйл хийсэн хэн боловч, шударга бусыг үйлддэг хэн боловч ЭЗЭН Бурханд чинь жигшүүртэй билээ.
17Египетээс гарч ирэхэд замд чинь Амалек чамайг яасныг санагтун. 18Тэд ЭЗЭН Бурханаас чинь айсангүй. Та нарыг аян замдаа ядарч зүдэрч явахад чинь уулзаад, ард чинь хоцорч явсан сул дорой хүмүүс уруу довтолсон билээ. 19Тиймээс ЭЗЭН Бурхан чинь чамд өв болгон эзэмшүүлэхээр өгч буй тэр газар нутаг дээр чиний Бурхан ЭЗЭН эргэн тойронд чинь байгаа бүх дайснуудаас чамайг ангижруулж, амраах тэр цагт чи Амалекийн дурсамжийг тэнгэрийн доороос арчин хаях ёстой. Чи бүү март.

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy