YouVersion Logo
Search Icon

ИОХАН 10

10
1Үнэнээр, үнэнээр Би та нарт хэлье. Хонины хашаанд үүдээр нь оролгүй, өөр газраар давж ордог хүн бол хулгайч, дээрэмчин мөн. 2Харин үүдээр нь ордог хүн нь хонин сүргийн хоньчин мөн. 3Сахиул тэр хүнд үүдийг нээдэг бөгөөд хонин сүрэг түүний дууг сонсдог. Тэр өөрийн хоньдыг нэрээр нь дуудаж, тэднийг гадагш дагуулж гарна. 4Тэр өөрийнхийгөө бүгдийг гаргаад, түрүүнд нь явдаг. Хонин сүрэг түүний дууг таньдаг тул түүнийг дагадаг. 5Тэд гаднын хүнийг ер дагахгүй, харин түүний дууг танихгүй учир түүнээс зугтана гэж айлдав. 6Есүс энэ сургаалт зүйрлэлээр тэдэнд яривч, Түүний ярьсан нь юу байсныг тэд ойлгосонгүй.
7Тэгээд Есүс дахин тэдэнд
—Үнэнээр, үнэнээр Би та нарт хэлье. Би бол хонины үүд. 8[Надаас урьд] ирэгсэд бүгд хулгайч, дээрэмчид юм. Харин хонин сүрэг тэднийг сонсоогүй. 9Би бол үүд мөн. Хэрэв хүн Надаар орвол, тэр аврагдах болно. Орж, гарч, тэжээлээ олно. 10Хулгайч зөвхөн хулгайлан, алж, сүйтгэхээр ирдэг. Би тэднийг амьтай, бялхсан амьтай байлгахын тулд ирсэн юм. 11Би бол сайн хоньчин мөн. Сайн хоньчин хоньдынхоо төлөө амиа өгдөг. 12Хөлсний хүн бол хоньчин биш, хонин сүрэг ч түүнийх биш учир чоно ирэхийг хараад тэрээр хонин сүргийг орхин зугтдаг. Чоно хоньдыг цөлмөж, тараадаг. 13Тэр хөлсний хүн бөгөөд хонин сүрэгт санаа тавьдаггүй тул зугтдаг. 14Би бол сайн хоньчин мөн. Би Өөрийнхийгөө мэдэх бөгөөд Өөрийнхөн минь Намайг мэднэ. 15Би Эцэгээ мэдэхийн адил Эцэг минь Намайг мэддэг юм. Би хоньдын төлөө Өөрийн амийг өгнө. 16Энэ хашаан дахь хонин сүргээс өөр хонин сүрэг Надад бий. Би тэднийг бас авчрах ёстой. Тэд Миний дууг сонсоно. Тэгээд тэд нэг хоньчинтой нэг хонин сүрэг болно. 17Тиймээс Эцэг Намайг хайрладаг. Учир нь Би Өөрийн амийг буцааж авахын тулд амиа өгнө. 18Хэн ч Миний амийг Надаас авахгүй. Харин Би Өөрийн санаагаар түүнийг өгнө. Амиа өгөх эрх мэдэл Надад бий. Буцааж авах эрх мэдэл ч Надад бий. Энэ тушаалыг Би Эцэгээсээ хүлээн авсан юм гэв.
19Энэ үгнээс болж иудейчүүдийн дунд дахин хагарал гарчээ. 20Тэдний олонх нь
—Түүнд чөтгөр шүглэж. Тэр солиотой юм. Та нар юунд Түүнийг сонсоно вэ? гэлээ. 21Зарим нь
—Эдгээр үгс нь чөтгөр шүглэсэн хүнийх биш. Чөтгөр сохрын нүдийг нээж чадах уу? хэмээн ярьж байлаа.
22Иерусалимд сүмийг Шинэтгэн ариусгасны баяр болж байлаа. Тэгэхэд өвөл байв. 23Есүс сүм дотор Соломоны танхимд явж байжээ. 24Тэгтэл иудейчүүд Түүнийг тойрч, Түүнд
—Та хэдий болтол биднийг эргэлзүүлэх юм бэ? Хэрэв Та Христ мөн юм бол, бидэнд шуудхан хэлээч гэсэнд 25Есүс тэдэнд
—Би та нарт хэлсэн. Та нар итгэдэггүй. Эцэгийнхээ нэрээр үйлдсэн Миний үйлс Намайг гэрчилдэг. 26Харин та нар Миний хонин сүрэг биш учир итгэдэггүй. 27Миний хонин сүрэг дууг минь сонсдог. Би тэднийг мэддэг бөгөөд тэд Намайг дагадаг юм. 28Би тэдэнд мөнх амийг өгнө. Тэд хэзээ ч мөхөхгүй бөгөөд тэднийг хэн ч Миний гараас булаахгүй. 29Тэднийг Надад өгсөн Миний Эцэг бүхнээс аугаа бөгөөд тэднийг хэн ч Эцэгийн гараас булааж чадахгүй. 30Би болон Эцэг нэг юм гэж айлдлаа.
31Иудейчүүд Түүн уруу чулуудахаар дахин чулуу шүүрцгээв. 32Есүс тэдэнд
—Эцэгээсээ олон сайн үйлсийг Би та нарт үзүүлсэн. Тэдгээрийн алинаас нь болж та нар Над уруу чулуу шиднэ вэ? гэхэд 33иудейчүүд Түүнд
—Сайн үйлсийн чинь төлөө биш, харин Бурханыг доромжилсны чинь төлөө бид Тан уруу чулуу шиднэ. Учир нь Та хүн байж, Өөрийгөө Бурхан болгож байна гэв. 34Есүс тэдэнд
—Танай Хуульд “Та нар бол бурхад юм гэж Би айлдсан” гэж бичигдсэн байдаг биш үү? 35Хэрэв Тэр Бурханы үг авсан хүмүүсийг бурхад хэмээн нэрлэсэн бол (Судар нь зөрчигдөхгүй), 36Эцэгийн ариусгасан, ертөнцөд илгээсэн Нэгэнийг “Би Бурханы Хүү байна” гэснээс болж та нар “Та Бурханыг доромжлогч” гэж хэлж байна уу? 37Хэрэв Би Өөрийн Эцэгийн ажлуудыг хийхгүй байвал, Надад бүү итгэ. 38Харин хэрэв Би тэдгээрийг хийвэл, та нар Надад итгэхгүй байлаа ч тэдгээр ажлуудад итгэ. Тэгвэл Миний дотор Эцэг байгааг, Эцэгийн дотор Би байгааг та нар мэдэж, ойлгоно гэж айлдав. 39Тиймээс тэд дахиж Түүнийг барихаар завдсан боловч, Есүс тэдний гарт орсонгүй.
40Иоханы анх баптисм хүртээж байсан газар болох Иорданы тэртээ уруу Есүс дахин явж, тэндээ байлаа. 41Олон хүн Түүн уруу ирж
—Иохан нэг ч тэмдэг үйлдээгүй боловч, энэ хүний тухай Иоханы хэлсэн бүхэн үнэн ажээ гэцгээлээ. 42Тэнд олон хүн Есүст итгэжээ.

Currently Selected:

ИОХАН 10: АБ2004

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy