YouVersion Logo
Search Icon

СУРГААЛТ ҮГС 5

5
1Хүү минь, миний мэргэн ухаанд анхаарлаа хандуул.
Миний ухааныг чих тавин сонс.
2Ингэх нь чи хэрсүү ухааныг ажиглаж,
Уруул чинь мэдлэгийг нөөцлөхийн тулд юм.
3Учир нь садар эмийн уруул зөгийн балыг дуслуулдаг ба
Түүний яриа тосноос ч илүү зөөлөн байдаг юм.
4Харин төгсгөлд нь тэр агь мэт гашуун агаад
Хоёр талдаа иртэй илд мэт хурц аж.
5Тэр эмийн хөл үхэл уруу уруудан явдаг.
Түүний алхаа Үхэгсдийн оронд аваачна.
6Тэр эм амийн жимийг бодож цэгнэдэггүй.
Түүний зам мурийсан боловч тэр үүнийгээ ч эс мэднэ.
7Иймд, хөвгүүд минь, намайг сонс.
Миний амнаас гарах үгнээс бүү зөр.
8Тэр эмээс хол бай.
Гэрийнх нь үүдэнд ч ойрхон явж болохгүй.
9Эс тэгвэл чи өөрийн хүч тэнхээгээ бусдад өгөх болж,
Он жилүүдээ харгис нэгэнд алдах вий.
10Чиний хүчийг гаднын хүмүүс завшиж,
Нөр их зүтгэлээр олсон эд хөрөнгө чинь харь хүний орон гэрт очих болно.
11Эцэст нь бие махбод чинь тамир тэнхээгээ барахын цагт чи гаслан,
12“Би сургамжийг ямар их үзэн яддаг байв аа!
Миний зүрх зэмлэлийг үл ойшоодог байв.
13Би багш нарынхаа дуу хоолойг сонсож байгаагүй,
Мөн сургагч хүмүүсээ ч чих тавин сонсоогүй!
14Би цуглаан болон чуулганы дунд сүйрлийн ирмэг дээр ирчихээд байна” гэж хэлнэ.
15Өөрийнхөө усан сангаас уу.
Өөрийнхөө худгаас ундрах цэвэр усыг уу.
16Чиний ундарга гудамж уруу хальж,
Усны чинь урсгал талбайгаар нэг урсах ёстой гэж үү?
17Энэ бүхэн нь ганцхан чинийх байг!
Үүнийг гаднын хүмүүстэй бүү хуваалц.
18Булгийн чинь ундарга ерөөгдөх болтугай!
Залуудаа гэрлэсэн эхнэртээ баярлан баяс.
19Энхрийхэн марал болон нигүүлсэлт согоотой адил,
эхнэрийн чинь хөх ямар ч үед сэтгэлийг чинь хангах болтугай.
Түүний хайранд үргэлж сэргэн хөгж.
20Учир нь хүү минь, чи садар эмтэй биеийн жаргалыг эдэлж,
Харь хүний цээжийг тэврэх ёстой гэж үү?
21Учир нь хүмүүний амьдралын зам ЭЗЭНий мэлмийн өмнө ил байдаг юм.
Хүмүүний замыг Тэр ширтэн харж байдаг.
22Өөрийнх нь зүй бус үйлдэл нь хар санаатныг баривчилдаг бөгөөд
Тэрээр өөрийнхөө нүгэл хилэнцийн уяанд хүлээстэй байх аж.
23Сургамж дутсанаас болж тэр үхнэ.
Мөн өөрийн олон мунхаглалаас болж тэр төөрөн одох болно.

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy