YouVersion Logo
Search Icon

ДЭД ХУУЛЬ 8

8
1Өнөөдөр миний та нарт тушааж буй бүх тушаалыг та нар ёсчлон дага. Тэгвэл та нар амьдран, өнөр өтгөн болж, та нарын өвөг дээдэст ЭЗЭНий тангарагласан тэр газарт орж, түүнийг эзэмших юм. 2ЭЗЭН Бурхан чинь чамайг энэ дөчин жилийн турш цөлд удирдсан бүх л зам мөрийг дурсан сана. Энэ нь чиний зүрхэнд юу байсныг, Түүний тушаалыг дагах эсэхийг чинь мэдэхийн тулд, чамайг номхтгож, шалгаж сорихын тулд байсан юм. 3Хүн зөвхөн талхаар амьдардаггүй, харин хүн ЭЗЭНий амнаас гарах үг бүхнээр амьдардаг гэдгийг чамд ойлгуулахын тулд Тэрээр чамайг номхтгон, чамайг өлсгөж, чиний мэддэггүй, чиний өвөг дээдэс ч мэддэггүй байсан “манна”-гаар чамайг хооллож байсан. 4Энэ дөчин жилийн турш чиний өмссөн хувцас элэгдээгүй, чиний хөл цэврүүтээгүй. 5Эцэг нь хүүгээ хүмүүжүүлдэг шиг ЭЗЭН Бурхан чинь чамайг сахилгажуулж байсныг зүрхэндээ санаж яв. 6Тиймээс Түүний замаар явж, Түүнээс эмээхийн тулд чи өөрийн Бурхан ЭЗЭНий тушаалыг сахь. 7Чиний Бурхан ЭЗЭН чамайг сайхан газарт аваачиж байна. Тэр газар бол хөндий толгодоор нь гол горхи, булаг шанд урсдаг, 8улаан буудай, арвай, усан үзэм, инжир, анар жимсний орон, чидуны тос, бал бурмын орон юм. 9Чи тэнд идэх хоол хүнсээр хомсдохгүй, юугаар ч дутахгүй, хад чулуу нь төмөр бөгөөд толгодоос нь зэс малтан гаргаж болно. 10Чи идэж цадаад тэр сайхан газрыг чамд өгснийх нь төлөө ЭЗЭН Бурханаа магтана.
11Өнөөдөр миний чамд тушааж буй Түүний тушаал, хууль, зарлигийг сахилгүй, өөрийн Бурхан ЭЗЭНийг мартахаас болгоомжлоорой. 12Чи идэж цадаад, сайхан байшин барьж, тэндээ амьдран, 13мал сүрэг чинь үржин олширч, алт мөнгө чинь арвижиж, чамд байгаа бүхэн чинь өсөн нэмэгдэх үед 14чиний зүрх бардам болж, өөрийн Бурхан ЭЗЭНийг мартуузай. Тэр Египетийн нутгаас, боолчлолын гэрээс чамайг гаргаж аваад, 15өргөн уудам, аймшигт цөл дундуур, галт могой, хилэнцэт хорхойтой, усгүй ангамал газраар удирдан дагуулж, чиний төлөө цахиур чулуунаас ус гаргаж өгсөн билээ. 16Чамайг номхтгон, чамайг сорьж шалгаад, эцэст нь чамайг сайн сайхан амьдруулахын тулд Тэрээр чиний өвөг дээдэс ч мэддэггүй байсан “манна”-гаар цөлд чамайг хооллож байсан билээ. 17“Би хүч тэнхээ, гарынхаа чадлаар энэ хөрөнгө чинээг өөртөө бий болгосон юм” гэж чи зүрхэндээ хэлүүзэй. 18Харин өвөг дээдэст чинь тангарагласан Өөрийнхөө гэрээг өнөөдрийнх шиг батлахын тулд Тэр чамд хөрөнгө чинээ олох хүч чадлыг өгдөг учраас чи өөрийн Бурхан ЭЗЭНийг санагтун. 19Хэрэв чи өөрийн Бурхан ЭЗЭНийг мартаж, өөр бурхдыг дагаж, тэдэнд үйлчлэн, тэдэнд мөргөвөөс чи гарцаагүй устах болно хэмээн би өнөөдөр та нарын эсрэг гэрчилж байна. 20Та нар ЭЗЭН Бурханыхаа дуу хоолойг сонсоогүйн төлөө та нарын өмнө ЭЗЭНий устгасан тэдгээр үндэстнүүдийн нэгэн адил та нар устгагдах болно.

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy