YouVersion Logo
Search Icon

ДЭД ХУУЛЬ 32

32
1—Тэнгэр ээ, чих тавин сонс! Би үгээ хэлье.
Газар аа, үгийг минь сонс!
2Миний сургаал бол орох бороо,
миний хэлэх үг бол унах шүүдэр,
шинэ зүлгэн дээр буух борооны дусал,
өвс ногоон дээр орох аадар юм.
3Би ЭЗЭНий нэрийг тунхаглана.
Сүр хүчийг бидний Бурханд өг.
4Тэр бол Хад, Түүний үйлс нь төгс.
Түүний бүх зам мөр нь шударга.
Итгэмжит Бурханд худал хуурмаг үгүй.
Тэр бол зөвт бөгөөд шударга.
5Тэд Түүнд мууг үйлдсэн.
Тэд Түүний хүүхдүүд биш.
Учир нь тэд гэм зэмтэй, гаж буруу үеийнхэн.
6Тэнэг мунхаг хүмүүс ээ!
Та нар ЭЗЭНд ингэж хариу барьж байгаа юм уу?
Тэр чамайг худалдаж авсан Эцэг чинь биш үү?
Тэр чамайг бүтээж, бий болгосон.
7Эртний өдрүүдийг санацгаа.
Үе үеийн он жилүүдийг шүүн тунгаацгаа!
Эцгээсээ асуу, тэр чамд тайлбарлаж өгнө.
Ахмадаасаа асуу, тэд чамд хэлж өгнө.
8Хамгийн Дээд Нэгэн үндэстнүүдэд өвийг нь өгөх үед,
Адамын хөвгүүдийг хуваах үед
Тэрээр Израилийн хөвгүүдийн тоо ёсоор ард түмнүүдийн хил хязгаарыг тогтоожээ.
9ЭЗЭНий хувь бол Өөрийнх нь ард түмэн,
Иаков бол Түүний сонгож авсан өв.
10ЭЗЭН түүнийг эзгүй зэлүүд,
араатан архирах цөлөөс олжээ.
Тэр түүнийг эргэн тойрч, хайрлан халхалж,
Өөрийнхөө мэлмийн цэцгий мэт хамгаалсан.
11Үүрээ сандаан дэгдээхий дээрээ далавчаа дэлгэн дэвж,
дэгдээхийгээ жигүүр дээрээ аван зөөх бүргэд мэт
12ЭЗЭН ганцаараа түүнийг удирдсан ба
Түүнтэй хамт ямар ч харийн бурхан байсангүй.
13ЭЗЭН түүнийг газрын өндрийг унуулан явуулж,
талбайн ургацыг идүүлж, хаднаас бал,
цахиур хаднаас тос гаргаж түүнд хөхүүлсэн.
14Үхрийн сүүний ээдэм, хонины сүү,
хурганы өөх, Башан үүлдрийн хуц,
ямаа шилмэл сайн буудайг идүүлж, усан үзмийн улаан дарсыг уулгасан.
15Гэхдээ Ешурун таргалж, өшиглөлөө.
Чи таргалж, бүдүүрч, гялалзан,
өөрийг чинь бүтээсэн Бурханыг хаяж,
өөрийг чинь аварсан Хадыг үл ойшоожээ.
16Тэд харийн бурхдаар Түүний хардалтыг хөдөлгөн,
жигшүүрт юмсаар Түүний хилэнг өдөөжээ.
17Тэд Бурханд биш, харин чөтгөрүүдэд тахил өргөжээ.
Тэдгээр нь өөрсдийнх нь мэддэггүй байсан бурхад,
саяхан гарч ирсэн шинэ бурхад,
өвөг дээдсийн чинь айдаггүй байсан бурхад юм.
18Өөрийг чинь төрүүлсэн Хадыг чи үл хайхран,
чамайг гаргасан Бурханыг чи мартжээ.
19ЭЗЭН үүнийг хараад, үзэн ядсан билээ.
Яагаад гэвэл хөвгүүд охид нь Түүнийг хилэгнүүлсэн юм.
20Тэгээд Тэр айлдсан нь
“Би тэднээс нүүрээ буруулна.
Тэдний төгсгөл нь ямар байхыг Би харна.
Учир нь тэд гаж буруу үеийнхэн, итгэлгүй хөвгүүд.
21Тэд бурхан бус зүйлээр Миний хардалтыг хөдөлгөн,
тэд өөрсдийн шүтээнүүдээрээ хилэнг минь хөдөлгөлөө.
Тиймээс Би бас ард түмэн биш хүмүүсээр тэднийг атаархуулж,
мунхаг үндэстнээр тэдний уурыг хөдөлгөнө.
22Миний хилэнгийн гал дүрэлзэн
Үхэгсдийн орны гүнд хүртэл шатааж,
газрыг ургацтай нь залгин, уулсын суурьд ч гал тавина.
23Би тэдэн дээр гай гамшгийг овоолж,
сумаа тэдэн дээр буулгана.
24Тэд өлсгөлөнгөөр үрэгдэн,
гал шиг халуун, гашуун сүйрлээр сөнөх болно.
Би бас тэдэн уруу араатны шүд,
тоос шороонд мөлхөгчдийн хорыг илгээнэ.
25Гадаах нь сэлмэнд,
доторх нь айдаст нэрвэгдэнэ.
Идэр залуус, охид, нялхас, өтгөс бүгдээрээ мөхнө.
26«Би тэднийг тастчин хүн төрөлхтний дурдатгалаас арчин хаяна» гэж Би айлдах байсан. 27Гэвч дайсны өдөөн хатгалганд түгшиж байна.
Өстнүүд нь буруугаар ойлгож,
«Бидний гар агуу,
энэ бүхнийг ЭЗЭН хийсэн юм биш ээ!» гэж хэлэх болуузай”.
28Тэд бол зөвлөдөггүй үндэстэн.
Тэдэнд мэдлэг байхгүй.
29Хэрвээ тэд ухаантай байгаад үүнийг ойлгож,
өөрсдөө эцэст нь юу болохыг бодсон бол!
30Тэдний Хад тэднийг худалдаагүйсэн бол,
ЭЗЭН тэднийг гаргаж өгөөгүй байсан бол
яахин нэг нь мянгыг хөөж,
хоёр нь түмийг зугтаалгах вэ?
31Дайсны хад бол манай Хадтай адилгүй.
Түүнийг манай дайснууд ч өөрсдөө ялгадаг.
32Тэдний усан үзмийн мод нь Содомын усан үзмийн модноос,
Гоморрагийн талбайгаас гарсан юм.
Тэдний усан үзэм нь цөс,
хонгорцог нь гашуун юм.
33Тэдний усан үзмийн дарс нь могойн хор,
наж могойн үхлийн хор юм.
34“Тэр нь Надад хадгалагдаж,
Миний агуулахад лацдуулсан байгаа бус уу?
35Өшөө авалт нь Минийх.
Тэдний хөл алдах тэр цагт Би хариугаа авна.
Тэдний гамшгийн өдөр ойртож байна.
Тэдэнд нүүрлэн тулгарах зүйлс нь тэдэн уруу яарч байна” гэнэ.
36ЭЗЭН Өөрийн ард түмнийг шүүнэ.
Тэрээр тэднийг хүч чадалгүй болсныг,
хүлээстэй, чөлөөтэй хэн ч үлдээгүйг харах үедээ
Өөрийн зарц нарыг өрөвдөнө.
37ЭЗЭН айлдсан нь
“Тэдний бурхад хаа байна вэ?
Тэдний хоргодсон хад хаа байна вэ?
38Тэдний тахилын өөхийг хэн идэж,
ундаан өргөлийн дарснаас хэн уусан бэ?
Тэд босож та нарт туслаг.
Тэд та нарын нуугдах газар болог.
39Намайг, Намайг Тэр гэдгийг одоо мэдэж ав.
Надаас өөр ямар ч бурхан байхгүй.
Үхүүлж, амьдруулагч нь Би билээ.
Шархдуулж, эдгээгч нь Би билээ.
Миний мутраас аварч чадах хэн ч байхгүй.
40Үнэхээр Би тэнгэр өөд мутраа өргөн
Өөрийн амьд буйгаар тангараглая.
41Би гялалзсан сэлмээ хурцлан хууль цаазаа гартаа барин,
дайснуудаасаа өшөө хонзонгоо авч,
Намайг үзэн ядагсдад хариу барина.
42Би сумаа цусанд согтоож,
сэлмэндээ мах үмхүүлнэ.
Тэр нь алагдагсад ба олзлогдогсдын цус,
дайсны удирдагчид байх болно”.
43Үндэстнүүд ээ!
Та нар Түүний ард түмэнтэй баярлацгаа.
Учир нь Тэр зарц нарынхаа цусан өшөөг авч,
дайснуудаасаа өс хонзонгоо авч,
Өөрийн газар нутаг болон ард түмнийхээ төлөө эвлэрүүллийг хийнэ
гэв.
44Тэгээд Мосе Нуны хөвгүүн Иошуатай гарч ирээд, энэ дууны бүх үгийг ард түмэнд дуудан сонордуулжээ. 45Мосе энэ бүх үгийг бүх Израильд хэлж дуусаад, 46тэдэнд хандан
—Миний өнөөдөр та нарт хатуу тунхагласан үг бүхнийг зүрхэндээ шингээж, хөвгүүддээ тушаан, энэ хуулийн үг бүрийг сахин мөрдүүл. 47Энэ бол та нарт дэмий хоосон үг бус, үнэндээ та нарын амь амьдрал юм. Энэ үгсийн ачаар та нар Иорданыг гатлан эзэмшихээр явах гэж буй газар нутаг дээр урт наслана гэв.
48Яг тэр өдөр ЭЗЭН Мосед хандан
49Иерихогийн нөгөө тал дахь, Моабын газар нутаг дээрх Абаримын энэ уул, Небо ууланд гарч, Израилийн хөвгүүдэд эзэмшил болгон Миний өгч буй Канаан нутгийг хар. 50Чиний ах Аарон Хор ууланд үхэж, өвөг дээдэс уруугаа одсон шиг, чи бас өгсөж гарсан уулан дээрээ үхэж, өвөг дээдэс уруугаа одох болно. 51Учир нь та нар Зиний цөлд Мериба-кадешийн усны дэргэд Израилийн хөвгүүдийн дунд Надад итгэлгүй хандан, Миний ариун болохыг Израилийн хөвгүүдийн дунд илэрхийлээгүй. 52Тиймээс чи тэр газрыг алсаас харж болно. Харин чи Израилийн хөвгүүдэд Миний өгч буй тэр газар уруу тийш орж болохгүй гэж айлдав.

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy