YouVersion Logo
Search Icon

ДЭД ХУУЛЬ 20

20
1Чи дайсантайгаа тулалдахаар гараад, өөрийнхөөс чинь илүү олон морьд, тэрэг, хүмүүсийг харвал тэднээс бүү ай. Учир нь чамайг Египет нутгаас авчирсан ЭЗЭН Бурхан чинь чамтай хамт байна. 2Та нарыг тулалдааны газар ойртох үед тахилч хүрч очоод, ард түмэнд хандан хэлнэ. 3Тэрээр тэдэнд хандан “Израиль аа, сонс! Өнөөдөр та нар дайсантайгаа тулалдахаар хүрч ирээд байна. Бүү зүрх алд. Та нар тэднээс бүү ай, бүү уймар, бүү чичир! 4Учир нь та нарын төлөө дайсантай чинь байлдахаар, та нарыг аврахаар та нартай хамт явагч нь чиний Бурхан ЭЗЭН юм” гэж хэл. 5Түшмэд ард олонд хандан “Шинэ байшин бариад, ёслолоо хийгээгүй байгаа хүн хэн байна вэ? Тэр хүн гэртээ буц. Тэрээр дайнд амиа алдаж, өөр хүн байшингийнх нь ёслолыг хийх вий. 6Усан үзмийн цэцэрлэг байгуулаад, үр жимсийг нь амсаагүй байгаа хүн хэн байна вэ? Тэр хүн гэртээ буц. Тэрээр дайнд амиа алдаж үр жимсийг нь өөр хүн идэх вий. 7Бүсгүй хүнд сүй тавьсан боловч түүнийгээ авч амжаагүй хүн хэн байна бэ? Тэр хүн гэртээ буц. Тэр дайнд амиа алдаж, өөр хүн түүнийг нь авах вий” гээд, 8түшмэд ард олонд цааш нь үргэлжлүүлэн “Аймхай, зүрхгүй хүн хэн байна вэ? Тэр хүн гэртээ буц. Ингэснээр тэр ах дүү нараа өөр шигээ зүрх алдуулахгүй юм” гэж хэл. 9Түшмэд ард олонд хандан ярьж дуусаад, ард олныг тэргүүлэх цэргийн дарга нарыг томилох болно.
10Чи аль нэг хотыг дайран эзлэхээр очих үедээ, тэр хотынхонд хандан найрамдахыг зарлан тунхагла. 11Хэрэв тэр хот чамтай найрамдахыг зөвшөөрч, хотынхоо хаалгыг чамд нээж өгвөл чи тэр хотын бүх оршин суугчдыг албадан ажиллуулж, өөртөө үйлчлүүл. 12Хэрэв тэр хотынхон чамтай найрамдалгүй, чамайг эсэргүүцэн байлдвал, чи тэр хотыг бүслэгтүн. 13ЭЗЭН Бурхан чинь тэр хотыг чиний гарт тушаах үед чи тэр хотын бүх эрчүүдийг илдний ирээр цавч. 14Харин эмэгтэйчүүд, хүүхдүүд, мал сүрэг болон хотын дотроос олзолсон бүхэн чинийх учир ав. Чиний Бурхан ЭЗЭНээс чамд өгсөн, дайснуудаасаа олзолсон эд юмсыг чи эдэлж хэрэглэ. 15Дэргэдэх эдгээр үндэстнүүдэд хамаарахгүй өөрөөс чинь хол байгаа хотуудад чи үүнийг үйлдэгтүн. 16Харин ЭЗЭН Бурханаас чинь чамд өв болгон өгч буй эдгээр ард түмнүүдийн хотуудаас амьсгаатай юуг ч бүү үлдээ. 17ЭЗЭН Бурханыхаа тушаасан ёсоор чи хитчүүд, аморичууд, канаанчууд, перизчүүд, хивичүүд, иебусчуудыг хүйс тэмтэр. 18Эс тэгвэл тэд бурхаддаа үйлдсэн жигшүүрт бүхнээ та нарт зааж, дагуулан, та нараар ЭЗЭН Бурханд чинь нүгэл үйлдүүлэх болно шүү.
19Та нар аль нэг хотыг эзлэхээр дайтан, удаан хугацаагаар бүслэх үед, сүхээ далайж тэндхийн моддыг бүү устга. Та нар тэр моддоос идэх учраас тэдгээрийг бүү цавчин унага. Талбайн модод чинь хүн юм уу? Та нар яахин түүнийг бүсэлнэ вэ? 20Харин та нар жимсний мод биш болохыг нь мэдэж байгаа моддыг устга. Тэгээд цавчин бэхлэлт хийн, та нартай байлдаж байгаа тэр хотынхныг ялагдах хүртэл нь хэрэглэ.

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy