YouVersion Logo
Search Icon

ДЭД ХУУЛЬ 19

19
1Чиний Бурхан ЭЗЭН эдгээр үндэстнийг устгаад, ЭЗЭН Бурхан чинь тэдний газар нутгийг чамд өгөхөд чи тэднийг хөөн гаргаад, тэдний хот, тэдний орон байрнуудад амьдран суухдаа 2ЭЗЭН Бурханаас чинь чамд эзэмшүүлэхээр өгч буй нутгийн төв дунд өөрсдөдөө зориулан гурван хотыг тусгаарла. 3Чи өөртөө зориулан замууд засаж ЭЗЭН Бурханаас чинь чамд эзэмшил болгон өгч буй нутаг дэвсгэрийг гурван хэсэгт хуваа. Тэгснээр хэн нэгэн алуурчин тийшээ зугтан очиг.
4Тийшээ зугтаан очиж амьдарч болох алуурчны хэрэг нь ийм байх юм. Тэр хөршийнхөө хүнийг урьдын өс хонзонгоор биш, санамсаргүйгээр алсан тохиолдолд 5(тухайлбал хэн нэгэн хүн хөрштэйгээ хамт мод огтлохоор ойд очиж, гартаа барьсан сүхээр мод цавчтал сүхний толгой нь ишнээсээ мулт үсрээд, хөршийг нь цохиж, тэр нь үхвэл) тэрээр тэдгээр хотын аль нэгэнд зугтаан очиж, амьдарч болно. 6Эс тэгвээс хөршийнхөө хүнийг урьдын өс хонзонгоор алаагүй тэр хүнийг алах нь зохисгүй атал цусан өшөө авагчийн уур хилэн нь буцалж, алуурчныг мөрдөн, хөөх зам нь урт байвал түүнийг гүйцэн очоод, ална. 7Тиймээс би чамд “Өөртөө гурван хотыг тусгаарлан ав” гэж тушааж байна. 8ЭЗЭН Бурхан чинь чиний өвөг дээдэст тангарагласан ёсоороо чиний нутгийн хилийг тэлж, өвөг дээдэст чинь өгөхөөр амласан бүх газрыг чамд өгвөл, 9бас чи өөрийн Бурхан ЭЗЭНийг хайрлан, ямагт Түүний замаар явахын тулд миний өнөөдөр чамд тушааж байгаа энэ бүх тушаалыг даган биелүүлбэл энэ гурван хотоос гадна өөр гурван хотыг нэмж ав. 10ЭЗЭН Бурханаас чинь чамд өв болгон өгч буй тэр газар дээр гэмгүй цусыг бүү урсга. Тэгвэл цус урсгасан гэм чамд оногдохгүй.
11Харин хэн нэгэн хүн хөршөө үзэн ядаж, түүнийг отож байгаад, дайран цохисноор нөгөө хүн үхээд, алуурчин тэдгээр хотын аль нэгэнд зугтан очвол 12тэр хотын ахмадууд хүн илгээж, түүнийг тэндээс бариад, цусан өшөө авагчийнх нь гарт тушааж, түүнийг ална. 13Чи түүнийг бүү өрөвдөн хар. Гэмгүй цусыг урсгасны нүглийг чи Израилиас зайлуул. Тэгвэл чи сайн сайхан явах болно.
14ЭЗЭН Бурханаас чинь чамд эзэмшүүлэхээр өгч байгаа тэр газарт буюу чиний өвлөн авах газар дээр өвгөд дээдсийн тогтоосон хөршүүдийнхөө шавыг бүү хөдөлгө.
15Ямар нэгэн гэм буруу, эсвэл нүгэл үйлдсэн хүний эсрэг ганцхан гэрч тэмцэж чадахгүй. Харин хоёр юм уу, гурван гэрчийн амаар тэр хэргийг тогтоох ёстой. 16Хэрэв хүнийг хэрэгтэн хэмээн буруутгахаар хуурамч гэрч гарч ирвэл, 17маргалдаж байгаа хоёр хүн ЭЗЭНий өмнө, тэр өдрийнх нь тахилч нар, шүүгчдийн өмнө зогсоно. 18Шүүгчид тэр хэргийг нягтлан шалгаад, хэрэв гэрч нь хуурамч гэрч байгаад ах дүүгийнхээ эсрэг худал мэдүүлэг өгсөн нь батлагдвал 19ах дүүгийнхээ эсрэг хийх гэж төлөвлөснийг нь өөрт нь эргүүлэн оноогтун. Та нар өөрсдийнхөө дундаас бузар мууг ийнхүү зайлуул. 20Тэгвэл бусад хүмүүс сонсоод айж, та нарын дунд дахин хэзээ ч ийм бузар муу үйл үйлдэгдэхгүй болно. 21Иймээс өршөөнгүй харцаар бүү хар. Амийг амиар, нүдийг нүдээр, шүдийг шүдээр, гарыг гараар, хөлийг хөлөөр.

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy