YouVersion Logo
Search Icon

ДЭД ХУУЛЬ 12

12
1Дэлхий дээр та нар амьдран суух хугацаандаа өвөг дээдсийн чинь Бурхан ЭЗЭН чамд эзэмшүүлэхээр өгсөн газар нутагт даган биелүүлэх ёстой зарлиг, хууль тогтоол энэ байна. 2Та нарын хөөн гаргах тэдгээр үндэстнүүдийн бурхаддаа зарагдаж байсан өндөр уул, дов толгод, аливаа ногоон модон доорх бүх л газруудыг бүрмөсөн устга. 3Та нар тэдний тахилын ширээг нь нурааж, чулуун баганыг нь хугалж, Ашерагийн модон шонг нь галд шатааж, бурхдынх нь сийлмэл хөргүүдийг тас цавчиж, тэндээс тэдний нэрийг арчин зайлуул. 4Та нар ЭЗЭН Бурхандаа ингэж хандаж болохгүй. 5Харин та нарын Бурхан ЭЗЭН Өөрийнхөө нэрийг тавин, Өөрөө суухаар танай овгуудаас сонгох тэр газрыг та бүхэн хайж, тэнд та нар оч. 6Та нар өөрсдийн шатаалт тахил, өөрсдийн тахил, өөрсдийн аравны нэг хувийн өргөл, өөрсдийн гарын дээдлэн барих өргөл, тангаргийн өргөл, сайн дурын өргөл, өөрсдийн бод, бог малын ууган төл тэргүүтнээ тэнд авчрах ёстой. 7Та нар ЭЗЭН Бурханыхаа өмнө тэндээ хооллож, гараараа хийсэн бүхнийг чинь чиний Бурхан ЭЗЭН ивээсэн учраас гэр хотлоороо наргиж цэнгэцгээ. 8Өнөөдөр энд бидний үйлдэж байгааг хийж болохгүй. Учир нь энд хүн бүр өөрийнхөө нүдэнд зөв гэж үзсэнээ үйлдэж байна. 9Та нар амралт болон ЭЗЭН Бурханы чинь та нарт өгч буй өвд хүрэх арай болоогүй байна. 10Харин та нар Иорданыг гатлан, ЭЗЭН Бурханыхаа та нарт өв болгон өгч буй тэр газар суух болно. Тэр эргэн тойрны чинь дайснуудаас чамайг ангижруулан, чи айх аюулгүй амьдрах болно. 11Тэр цагт ЭЗЭН Бурхан чинь Өөрийн нэрийг оршоохоор сонгож авах тэр газарт та нар миний тушаасан бүхнийг авч очих ёстой. Та нар өөрсдийн шатаалт тахил, өөрсдийн тахил, аравны нэг хувийн өргөл, өөрсдийн гарын дээдлэн барих тахил, өөрсдөө ЭЗЭНд тангараглаж барих шилмэл тангаргийн өргөл бүхнээ аваачиж, 12та нар хөвгүүд, охид, зарц шивэгчдийнхээ хамт ЭЗЭН Бурханыхаа өмнө баясан цэнгэнэ. Мөн танай хотод буй левичүүд, та нарын дунд хувь ч үгүй, өв ч үгүй тул бас та нартай хамт баясан цэнгэнэ. 13Чи харсан газар бүрдээ шатаалт тахилаа өргөж болохгүй, болгоомжтой бай. 14Харин танай овгуудын аль нэгнээс ЭЗЭНий сонгож авах тэр газарт л чи шатаалт тахилаа өргөж, миний чамд тушаасан бүхнийг тэнд үйлд.
15Харин ЭЗЭН Бурханы чинь чамд өгсөн ивээлийн дагуу чи өөр өөрийнхөө хотын дотор малаа дураараа нядалж махыг нь идэж болно. Бузартсан ба цэвэр хүний аль нь ч түүнээс гөрөөс, бугын мах иддэг шигээ идэж болно. 16Зөвхөн цусыг нь идэж болохгүй, түүнийг газарт ус шиг асга. 17Чи үр тариа, шинэ дарс, тосныхоо аравны нэг хийгээд бод бог малынхаа ууган төл, тангарагласан ёсоороо төлөх аливаа тангаргийн өргөл, өөрийн сайн дурын өргөл, гарын дээдлэн барих тахилыг хотынхоо дотор бүү ид. 18Харин чи ЭЗЭН Бурханыхаа сонгож авах тэр газарт өөрийн Бурхан ЭЗЭНий өмнө хөвгүүд, охид, зарц, шивэгчид, хотынхоо левичүүдтэй хамт түүнийг идэж, бас өөрийнхөө хийж бүтээсэн бүхний төлөө ЭЗЭН Бурханыхаа өмнө баясан цэнгэ. 19Чи болгоомжтой байж, нутагтаа амьдран суух хугацаандаа левичүүдийг бүү орхи.
20ЭЗЭН Бурхан чинь чамд амласан ёсоороо хил хязгаарыг чинь тэлж өгөх үед чи мах идэхийг хүсэж “Би мах идье” гэж хэлээд хүссэнийхээ зоргоор мах идэж болно. 21Хэрэв ЭЗЭН Бурхан чинь нэрээ тавихаар сонгосон тэр газар чамаас хэтэрхий хол байвал миний чамд тушаасан ёсоор ЭЗЭНий өгсөн мал сүргээс нядалж, хотынхоо дотор хүссэнээрээ идэж болно. 22Гөрөөс, бугын махыг иддэг шиг та нар идэж болно. Бузартсан, эсвэл цэвэр хүн мөн адил түүнээс идэж болно. 23Харин чи цус идэхээс болгоомжил. Цус бол амь учраас тэр амийг махтай хамт идэж болохгүй. 24Чи түүнийг идэлгүй газарт ус шиг асга. 25Чи цусыг бүү ид. ЭЗЭНий зөв гэж үздэг зүйлийг үйлдэж байх юм бол чи болон чиний хөвгүүд сайн сайхан явах болно. 26Харин чи өөрт байгаа ариун зүйлсээ, тангаргийн өргөлөө авч ЭЗЭНий сонгож авсан тэр газарт оч. 27Чи шатаалт тахил өргөхдөө мах, цус хоёрыг ЭЗЭН Бурханыхаа тахилын ширээн дээр өргө. Тахилуудыг өргөхдөө цусыг нь ЭЗЭН Бурханыхаа тахилын ширээн дээр асгаад, махыг нь идэх ёстой. 28Миний чамд тушааж буй энэ бүх үгсийг чи сайтар сонсоод даган биелүүл. Чи ЭЗЭН Бурханыхаа сайн, зөв гэж үздэг зүйлийг үйлдэж байх юм бол чи болон чиний хөвгүүд үүрд сайн сайхан явах болно.
29Чиний хөөн гаргахаар очиж буй тэр үндэстнүүдийг ЭЗЭН Бурхан чинь та нарын өмнө хүйс тэмтрэн, чи тэднийг хүйс тэмтрэн нутагт нь оршин суух үед 30чи болгоомжтой байж, чиний өмнө тэд устгагдсаны дараа өөрөө тэдэнд бүү урхидуул. Мөн тэдний бурхдыг сураглаж “Тэдгээр үндэстэн бурхаддаа хэрхэн зарагдаж байсан бэ? Би ч мөн тэгье’’ гэж бүү хэл. 31ЭЗЭН Бурхандаа чи ингэж хандаж болохгүй. Тэд ЭЗЭНий үзэн яддаг жигшүүрт үйлдлийг бурхаддаа зориулан хийж, улмаар өөрсдийнхөө хөвгүүд, охидыг ч галд шатаан, бурхаддаа өргөдөг.
32Миний та нарт тушаасан болгоныг та нар дагаж мөрдөж, түүн дээр бүү нэм, бүү хас.

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy