YouVersion Logo
Search Icon

ДЭД ХУУЛЬ 11

11
1Тиймээс чи өөрийн Бурхан ЭЗЭНийг хайрлан, Түүний захиа даалгавар, хууль тогтоол, зарлиг, тушаалыг үргэлж дагаж яв. 2Та нарын Бурхан ЭЗЭНий сахилгажуулалтыг мэдээгүй, хараагүй хөвгүүдтэй чинь би яриагүй гэдгийг өнөөдөр ойлго. Тэд Түүний сүр жавхлан, Түүний хүчирхэг гар, Түүний сунгасан мутрыг, 3Египетийн төвд Египетийн хаан Фараон болон бүх газар нутагт нь Түүний үйлдсэн тэмдэг, үйлсийг нь, 4та нарын хойноос хөөн ирсэн тэднийг Улаан тэнгисийн усанд живүүлэх үедээ Египетийн цэргүүд, тэдний агт морьд, тэрэгнүүдэд ЭЗЭНий юу хийснийг болон ЭЗЭН тэднийг бүрмөсөн устгасныг, 5та нарыг энд ирэх хүртэл цөлд та нарт Түүний юу хийснийг, 6Реубений хүү, Елиабын хөвгүүд болох Датан, Абирам нарыг хэрхсэнийг, тэр үед газар амаа ангайлган бүх Израилийн дундаас тэднийг, тэдний гэр бүл, тэдний майхан, тэднийг дагасан амьтай бүхнийг залгисныг хараагүй. 7Харин та нар ЭЗЭНий үйлдсэн энэ бүх агуу үйлсийг нүдээрээ үзсэн билээ.
8Тиймээс та нар миний өнөөдөр та нарт өгч буй тушаал бүрийг даган мөрд. Ингэснээр та нар хүчирхэг болж, Иорданыг гатлан, эзэмших гэсэн тэр газраа орж, түүнийг эзэмших юм. 9Ингэснээр тэдэнд болон тэдний үр хүүхдэд өгөхөөр өвөг дээдэст чинь ЭЗЭНий тангарагласан сүү, балаар бялхсан тэр газарт та нар урт наслах юм. 10Чиний эзэмшихээр очих гэж байгаа тэр газар бол чиний гарч ирсэн Египетийн газар нутагтай адилгүй. Египетэд та нар үр суулгаад, ногооны талбай мэт хөлөөрөө усалдаг байсан. 11Харин чиний эзэмшихээр Иорданыг гатлах гэж байгаа тэр газар бол тэнгэрийн хур бороогоор ундаалдаг хөндий, толгодын орон бөгөөд 12чиний Бурхан ЭЗЭНий асран хамгаалдаг орон юм. Чиний Бурхан ЭЗЭНий мэлмий жилийн эхнээс аваад эцэс хүртэл үргэлж түүнийг тольдон байдаг билээ.
13Хэрэв та нар өнөөдөр миний та нарт тушааж байгаа тушаалыг сайтар сонсож, ЭЗЭН Бурханаа хайрлаж, Түүнд бүх зүрх, бүх сэтгэлээрээ зарагдвал 14ЭЗЭН та нарын газар дээр хур бороог цаг улиралд нь оруулж, хавар намрын бороог илгээж, та нар үр тариа, шинэ дарс, тос авах болно. 15Тэрээр мал сүргийн чинь төлөө өвс ногоог хээр талд ургуулан, та нар идэж, өег цатгалан байх болно. 16Та нар болгоомжтой бай! Та нарын зүрх мэхлэгдэн эргэж, өөр бурхдад зарагдан тэдэнд мөргөх вий. 17Тэгвэл ЭЗЭНий уур хилэн та нарын эсрэг дүрэлзэн тэнгэрийг хаагаад бороо орохгүй, газраас үр тариа ч ургахгүй болно. Та нар ЭЗЭНий өгч буй сайн газраас даруй устана.
18Тиймээс та нар миний энэ үгсийг зүрхэндээ, сэтгэлдээ тогтоож, түүнийг тэмдэг болгон бугуйндаа уяж, хоёр нүдний хоорондох сахиус мэт байлга. 19Та нар түүнийг хөвгүүддээ зааж, гэртээ сууж байхдаа ч, замд явж байхдаа ч, хэвтэхдээ ч, босохдоо ч түүний тухай ярьж бай. 20Та нар үүнийг хаалганыхаа хатавч, дааман хаалган дээр бич. 21Тэгвэл та нарын өвөг дээдэст өгөхөөр ЭЗЭНий тангарагласан газар дээр та нарын болон хөвгүүдийн чинь амьдрал газрын дээр тэнгэрийн орших хоногууд мэт уртасна. 22Та нар хэрэв миний та нарт тушааж буй энэ бүх тушаалыг сахин, үйлдэж, ЭЗЭН Бурханаа хайрлаж, Түүний бүх замаар явж, Түүнээс зууран байвал 23ЭЗЭН эдгээр бүх үндэстнийг та нарын өмнөөс хөөн гаргаж, та нар өөрсдөөсөө илүү хүчтэй, илүү том улсуудыг эзэмших болно. 24Та нарын хөлийн ул гишгэх газар бүхэн чинь та нарынх болно. Танай хил хязгаар нь цөлөөс Ливан хүртэл, Евфрат мөрнөөс баруун тэнгис хүртэл үргэлжлэх болно. 25ЭЗЭН Бурхан чинь та нарт айлдсан ёсоороо та нарын хөл хүрсэн бүх л газрын хүмүүсийг та нараас айх айдас хүйдсээр хучна. Тиймээс та нарын эсрэг хэн ч босож чадахгүй.
26Өнөөдөр би та нарын өмнө ерөөл, хараал хоёрыг тавьж байна. 27Хэрэв та нар өнөөдөр миний тушааж буй ЭЗЭН Бурханыхаа тушаалыг сонсвол ерөөгдөх болно. 28Хэрэв та нар ЭЗЭН Бурханыхаа тушаалыг сонсолгүй, харин миний өнөөдөр та нарт тушааж буй ёс журмаас хазайж, урьд мэддэггүй байсан өөр бурхдыг дагаваас хараагдах болно. 29ЭЗЭН Бурхан чинь чиний эзэмшихээр очиж буй тэр газарт чамайг аваачин оруулах үед чи Геризим уулан дээр ерөөлийг, Ебал уулан дээр хараалыг тавь! 30Тэр хоёр уул Иорданы нөгөө талд, наран шингэх зүг уруу чиглэсэн замын баруун талд, Гилгалын харалдаа, Морегийн царс модны дэргэд Арабад оршин суудаг канаанчуудын нутагт байдаг биш үү? 31Та нар ЭЗЭН Бурханаас чинь та нарт өгч байгаа тэр газрыг эзэмшихээр очихын тулд Иордан голыг гатлах гэж байна. Та нар түүнийг эзэмшин, тэндээ оршин суух болно. 32Миний өнөөдөр та нарын өмнө таниулж байгаа бүх зарлиг, хууль тогтоолыг та нар ёсчлон дага.

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy