YouVersion Logo
Search Icon

1 ТИМОТ 1

1
1Бидний Аврагч Бурхан ба бидний найдвар болох Христ Есүсийн тушаалаар Христ Есүсийн элч болсон Паул би 2итгэл доторх миний жинхэнэ хүүхэд Тимотод илгээв. Эцэг Бурхан болон бидний Эзэн Христ Есүсээс нигүүлсэл, өршөөл, амар тайван нь байх болтугай.
3Би Македони уруу явахдаа Ефест үлдээч гэж чамаас хичээнгүйлэн гуйсны учир нь чи зарим хүмүүст хандан өөр хачин сургаал заахгүй байхыг, 4итгэлээр буй Бурханы үйлчлэлд хүргэхээсээ илүү маргаан мэтгэлцээнд хүргэдэг үл төгсөх угийн бичгүүд болон үлгэр домгуудад анхаарлаа хандуулахгүй байхыг тушаахын тулд юм. 5Харин бидний тушаалын зорилго нь цэвэр зүрх, сайн мөс чанар хийгээд чин үнэнч итгэлээс гарах хайр юм. 6Зарим хүмүүс эдгээрээс няцаж, дэмий ярианд хэлбийн оржээ. 7Ингэхдээ тэд юу хэлж, юуны талаар итгэлтэйгээр баталж байгаагаа ч ойлгодоггүй боловч Хуулийн багш байхыг хүсдэг аж.
8Хэрэв хэн нэгэн үүнийг ёсоор нь хэрэглэвэл Хууль нь сайн гэдгийг бид мэднэ. 9Хууль нь зөв хүнд зориулагдаагүй, харин хуульгүй болон тэрслүү хүмүүс, бурханлаг бус болон нүгэлтнүүд, ариун бус болон бузар хүмүүс, эцэг эхээ алдаг хүмүүс, алуурчид, 10садар самуун хүмүүс, ижил хүйстэнтэйгээ явалдагчид, хүний хулгайч нар, худалч хүмүүс, тангаргаасаа няцагч хүмүүс болон эрүүл сургаалын эсрэг байгч алив бүхэнд зориулагджээ. 11Энэ нь надад даалгагдсан, Бурханы алдарт сайн мэдээний дагуу юм.
12Намайг хүчирхэгжүүлсэн бидний Эзэн Христ Есүст би талархдаг. Яагаад гэвэл Тэр намайг итгэмжит гэж үзээд үйлчлэл дээр тавьсан. 13Хэдийгээр би урьд нь доромжлогч, хавчигч, дээрэнгүй хүн байсан боловч өршөөлийг үзлээ. Учир нь би итгэлгүй байдал дотор мэдэхгүйгээр үйлдсэн юм. 14Христ Есүс доторх хайр ба итгэлийн хамт бидний Эзэний нигүүлсэл нь бялхлаас илүү байв. 15Христ Есүс нүгэлтнүүдийг аврахаар ертөнцөд ирсэн гэдэг нь итгэмжит үг мөн. Тэдгээр нүгэлтнүүдийн эхнийх нь би байна. 16Тиймээс мөнх амийн төлөө Өөрт нь итгэх хүмүүст үлгэр дуурайл болгон Есүс Христ Өөрийн төгс тэвчээрээ эхлээд надад харуулахын тулд би өршөөлийг олж авсан юм. 17Үеүдийн Хаан, үхэшгүй, үл үзэгдэх цорын ганц Бурханд хүндлэл ба алдар нь үеийн үед байх болтугай. Амен.
18Миний хүүхэд Тимот оо, чиний тухай урьд нь эш үзүүлсний дагуу тэдгээрээр чи сайн тэмцлээр тэмцэгтүн хэмээн би энэ тушаалыг чамд даалгаж байна. 19Ингэхдээ итгэл, сайн мөс чанараа сахь. Зарим хүн эдгээрийг эсэргүүцэн, итгэлийн хувьд сүйрсэн хөлөг онгоц мэт болжээ. 20Тэдний дунд Хуменай, Александр нар байна. Бурханыг доромжлохгүй байхад сургахын тулд би тэднийг Сатанд тушаасан.

Currently Selected:

1 ТИМОТ 1: АБ2004

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy