YouVersion Logo
Search Icon

ИОХАН 3

3
1Фарисайчуудын дотор Никодем гэгч хүн байлаа. Тэр иудейчүүдийн удирдагчдын нэгэн байв. 2Тэр хүн Есүс дээр шөнөөр ирээд Түүнд
—Рабби, Таныг Бурханаас ирсэн багш гэдгийг бид мэднэ. Учир нь Бурхантай хамт байхгүй л бол, хэн ч Таны үйлддэг тэмдгүүдийг үйлдэж чадахгүй гэв. 3Есүс хариуд нь
—Үнэнээр, үнэнээр Би чамд хэлье. Хэн дээрээс эс төрнө, тэр хүн Бурханы хаанчлалыг үзэж чадахгүй гэхэд 4Никодем Түүнд
—Настай болсон атлаа хүн хэрхэн төрөх билээ? Хүн эхийн хэвлийд хоёр дахиа орж, төрж чадна гэж үү? гэлээ. 5Есүс
—Үнэнээр, үнэнээр Би чамд хэлье. Хэн ус болон Сүнснээс эс төрнө, тэр хүн Бурханы хаанчлалд орж чадахгүй. 6Махан биеэс төрсөн нь махан бие, Сүнснээс төрсөн нь сүнс болой. 7“Чи дээрээс төрөх ёстой” гэж Би чамд хэлсэнд бүү гайх. 8Салхи дуртай газраараа үлээдэг. Чи дууг нь сонсовч, салхийг хаанаас ирж, хааш оддогийг мэддэггүй. Сүнснээс төрсөн хүн бүр үүнтэй адил байдаг гэж айлдав. 9Никодем Түүнээс
—Ийм юм яаж байх юм бэ? гэж асуулаа. 10Есүс
—Чи Израилийн багш атлаа үүнийг ойлгохгүй байна гэж үү? 11Үнэнээр, үнэнээр Би чамд хэлье. Бид мэдсэнээ ярьж, үзсэнээ гэрчилж байхад та нар бидний гэрчлэлийг хүлээн авдаггүй. 12Хэрэв Би чамд газрын юмсыг ярихад чи итгэхгүй бол, тэнгэрийн юмсыг Би яривал, чи яаж итгэх юм бэ? 13Тэнгэрээс доош бууж ирсэн Хүний Хүүгээс өөр тэнгэрт дээш гарсан хүн нэг ч байхгүй. 14Мосе цөлд тэр могойг өргөсөн шиг, Хүний Хүү ч бас өргөгдөх ёстой. 15Энэ нь Түүнд итгэгч хүн бүрийг мөнх амьтай байлгахын тулд билээ.
16Бурхан ертөнцийг үнэхээр хайрласан тул цорын ганц Хүүгээ өгсөн. Ингэснээр Хүүд итгэгч хэн ч мөхөхгүй, харин мөнх амьтай болох юм. 17Бурхан Өөрийн Хүүгээ ертөнцийг яллахын тулд биш, харин Түүгээр дамжуулан ертөнцийг аврахын тулд ертөнц уруу илгээсэн билээ. 18Түүнд итгэдэг хүн яллагдахгүй. Харин үл итгэдэг хүн аль хэдийн яллагдсан. Учир нь тэр хүн Бурханы цорын ганц Хүүгийн нэрэнд итгээгүй юм. 19Тэрхүү яллалт ийм билээ. Гэрэл ертөнцөд ирэхэд хүмүүсийн үйлс бузар муу учир тэд харанхуйг гэрлээс илүү хайрласан юм. 20Учир нь өөрийнх нь үйлс ил гарчих вий гэж бузрыг үйлдэгч хүн бүр гэрлийг үзэн ядаж, гэрэл уруу гарч ирдэггүй. 21Харин үйлс нь Бурханы дотор үйлдэгдсэн гэдгийг ил харуулахын тулд үнэнийг үйлдэгчид гэрэл уруу ирдэг гэлээ.
22Дараа нь Есүс шавь нартайгаа Иудей нутагт очиж, тэдэнтэй хамт тэнд байж, баптисм хүртээж байлаа. 23Мөн Иохан Салимын ойролцоо Аенонд баптисм хүртээж байв. Учир нь тэнд ус ихтэй ажээ. Хүмүүс ирж баптисм хүртэж байлаа. 24Учир нь Иохан хараахан шоронд хоригдоогүй байв. 25Тэр цагт Иоханы шавь нар болон нэгэн Иудей хүний хооронд ариусгалын талаар маргаан үүсжээ. 26Тэд Иохан уруу ирж
—Рабби, Иорданы тэртээ Тантай хамт байсан, таны гэрчилж байсан Тэр нь одоо баптисм хүртээж байна. Бүгд Түүн уруу очиж байна гэсэнд 27Иохан
—Тэнгэрээс өөрт нь өгөгдөөгүй л бол хүн юуг ч хүлээн авч чадахгүй. 28“Би бол Христ биш, харин Түүний урьд илгээгдсэн нэгэн мөн” гэж миний хэлснийг гэрчлэгч нь та нар өөрсдөө билээ. 29Бэр авагч нь шинэ хүргэн мөн. Харин зогсоод чагнагч найз нь шинэ хүргэний дуунд үлэмж баясдаг. Миний энэ баяр хөөр ч дүүрэн болов. 30Тэр өсөж, харин би буурах ёстой гэж хэлэв.
31Дээрээс ирэгч нь бүхний дээр байдаг. Газраас ирэгч нь газрынх бөгөөд газрын тухай л ярьдаг. Тэнгэрээс ирэгч нь [бүхний дээр байдаг]. 32Тэр үзсэн, сонссоноо гэрчилдэг боловч хэн ч Түүний гэрчлэлийг хүлээн авдаггүй. 33Түүний гэрчлэлийг хүлээн авсан хүн Бурхан бол үнэн гэж батлан тамгалсан юм. 34Бурханаас илгээгдсэн Тэр Бурханы үгийг айлддаг. Учир нь Бурхан Сүнсийг хэмжээлшгүйгээр өгдөг. 35Эцэг нь Хүүгээ хайрлан, Түүний гарт бүх юмсыг өгсөн юм. 36Хүүд итгэдэг хүн мөнх амьтай. Харин Хүүд итгэдэггүй хүн мөнх амийг үзэхгүй. Харин Бурханы уур хилэн тэр хүн дээр байдаг.

Currently Selected:

ИОХАН 3: АБ2004

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy