YouVersion Logo
Search Icon

СУРГААЛТ ҮГС 27

27
1Маргаашаар бүү сайрх.
Учир нь маргааш юу болохыг чи үл мэднэ.
2Өөрийн чинь ам бус харин өөр хүн, уруул чинь бус харин гаднын хүн чамайг магтаг.
3Хад чулуу хүнд ба элс ч жин татна.
Харин мунхгийн өдөөн хатгалга энэ хоёроос ч хүнд аж.
4Хилэн бол хэрцгий, уур бол өршөөлгүй.
Харин хэн атаархлыг тэсвэрлэн зогсож чадах вэ?
5Далдлагдсан хайраас ил зэмлэл нь хавьгүй дээр.
6Анд нөхрийн чинь учруулах шарх итгэмжтэй,
Харин дайсны чинь үнсэлт заль мэхтэй юм.
7Цатгалан хүн зөгийн балыг ч хүсдэггүй.
Харин өлссөн хүнд гашуун юм ч амттай санагддаг.
8Гэр орноосоо холдогч хүн болбоос үүрээ орхисон жигүүртэн мэт буюу.
9Анхилуун үнэрт тос ба сүрчиг нь зүрхийг баясгадаг бол
Хүний зөвлөгөө анд нөхөрт нь амтат бурам мэт буюу.
10Өөрийн анд нөхрийг болон эцгийнхээ анд нөхрийг бүү орхи.
Гай гамшиг чамд тохиолдоход ах дүүгийнхээ гэрийг бүү зорь.
Хол суугаа ахаас чинь ойр буй хөрш чинь дээр.
11Хүү минь, мэргэн байж, зүрхийг минь баярлуул.
Энэ нь намайг муулагчид хариу барьж чадахын тулд юм.
12Хэрсүү хүн хорон мууг хараад түүнээс зайлж чаддаг бол
Гэнэн хүн нь угтан явсаар байгаад шангаа хүртдэг.
13Гаднын хүний өмнөөс батлан даагчийн дээлийг тайлж ав.
Харь хүний өмнөөс батлан даагч нь өөрийгөө олз болго.
14Өглөө эртлэн чанга дуугаар анд нөхрөө ерөөдөг хүн
Түүнд хараал хэлж байгаатай адил тооцогдоно.
15Гэмэргэн эм болбоос бороошсон өдөр ус тасралтгүй дуслахтай адил буюу.
16Тийм эмэгтэйг номхтгох нь салхийг зогсоох болон гараараа тосыг атгаж авахтай адил буюу.
17Төмөр төмрийг ирлэдэг.
Тийнхүү хүн хүнээ хурцалдаг.
18Инжрийн модыг арчлагч үр жимсийг нь идэх болно.
Эзэндээ санаа тавигч нь хүндлэгдэнэ.
19Усны мандалд хүн царайгаа харахын адил хүмүүний зүрх түүний дүр төрхийг харуулна.
20Үхэгсдийн орон ба Сүйрэл хэзээ ч цаддаггүй шиг хүмүүний нүд хэзээ ч ханахгүй.
21Мөнгө ба алтыг галын дөлөөр цэвэршүүлдэг бол хүмүүнийг өөрт нь нийцсэн магтаалаар шалгана.
22Үр тариатай хамт мунхгийг ууранд хийгээд нүдүүрээр нүдсэн ч мунхаг нь үл арилна.
23Мал сүргийнхээ байдлыг сайн мэд.
Хонин сүрэгтээ анхаарал сайн тавь.
24Учир нь эд баялаг мөнх биш.
Хааны титэм ч үе дамжихгүй.
25Өвс байхгүй болоход, шинэ ногоо цухуйж, уулан дээрх өвс цуглуулагдаж,
26Хурганы арьс чинь хувцас болж, ямаанууд чинь чамд газрын өртгийг өгнө.
27Чамайг болон гэр бүлийг чинь хооллохоор бас зарц охидыг чинь тэжээхээр чамд ямааны сүү элбэг дэлбэг байх болно.

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy